Дуу чимээний стандарт децибель 74 байх ёстой ч мото, суррон, бүдүүн яндантай авто машиных 110 давж байна

Нийгэм
tankhil99@onlinetvmn.com
2025-09-11 03:29:15

Нийслэлийн иргэдийн амгалан тайван байдлыг хангах, бүдүүн яндантай тээврийн хэрэгслээр авто замын хөдөлгөөнд оролцохдоо 22:00 цагаас хойш хэт чанга дуу чимээ гаргахгүй байх, нийтийн эрх ашгийг хүндэтгэх, замын хөдөлгөөний соёлыг хэвшүүлэхээр НИТХ-ын дарга А.Баяр чанга дуу чимээний Ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсгийн гишүүн, НИТХ-ын төлөөлөгч Б.Хуягбаатар өчигдөр 22:00 цагт 32-ын тойрог, 100 айл орчимд ажиллалаа. Ингэхдээ Тээврийн цагдаагийн албаны ЗЦГ-ын Зам тээврийн хяналт, төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн ахлах зохицуулагч Б.Амарсанаа, ЗХУТ-ын Зөрчил, бүртгэлийн хэлтсийн дарга Б.Болд, Авто тээврийн үндэсний төвийн Баянгол дүүргийн Техникийн хяналтын үзлэгийн инженер Г.Батболд нарын бүрэлдэхүүнтэйгээр хяналт шалгалтыг хийсэн байна.  Иргэдийн амарч буй цагаар авто зам дээр чанга дуу чимээ гарган давхих моточид, бүдүүн яндантай тээврийн хэрэгсэлтэй жолооч нарт замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг анхааруулж, дуу чимээнийх нь децибелийг хэмжжээ.


Мөн хяналт шалгалтаар бүртгэлгүй, бичиг баримтгүй мотоцикл, кросс, сурронуудыг илрүүлж, эзэмшигчдийг нь бүртгэлжүүлэх, техникийн үзлэгийн хяналтад оруулах ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байна. Цаашид Ажлын хэсэг давтамжтай хяналт шалгалт хийж, дүн шинжилгээ гарган, үр дүнг НИТХ-аар хэлэлцүүлж, хэт чанга дуу чимээ гаргаж буй тээврийн хэрэгсэлд авах арга хэмжээний шийдлүүдийг танилцуулна. Жолооч нарыг замын хөдөлгөөнд соёлтой оролцох ухамсрыг хэвшүүлэх нь туйлын чухал байна. Тиймээс тодорхой уулзваруудад хэт чанга дуу чимээ хэмжих төхөөрөмжийг суурилуулах ажил эхэлсэн. Хэт өндөр хаазалж давхих нь хувь хүний сонирхол байж болох ч нийтийн эрх ашгийг хүндэтгэх, болзошгүй эрсдлээс залуусыг хамгаалах, анхааруулж наана нь урьдчилан сэргийлэх нь бидний ажил, үүрэг болоод байна. Нийгмийн стрессийг нэмэгдүүлж, хүний сонсголыг муутгаж байдаг зүйл бол мега хотын чимээ буюу дуу чимээний бохирдол. 


Хүний сонсголд аюул учруулах дуу чимээний дицебелийг 140 хэмээн үздэг байна. Ийм чанга дуу чимээ нь тийрэлтэт хөдөлгүүр, онгоцных байж болдог байна. 


Эх сурвалж: НИТХ-ХМОНХА
Холбоотой мэдээ