Завхан аймгийн тогооч нар баруун бүсийн тогоочдын уралдаанд 2 дугаар байр эзэллээ
Нийгэм
Баян-Өлгий аймагт 6 дугаар сарын 26-ны өдөр зохион байгуулагдсан “Галын гоёо-Баруун нутгаас 2025” Аварга тогооч шалгаруулах Улсын уралдаанд Завхан аймгийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний холбооны тогооч нар амжилттай оролцоод ирлээ.
Тэд тэмцээнээс 1 алт, 1 мөнгө, 7 хүрэл медаль хүртэж, 2 тогооч тусгай байр эзэлсэн байна.
Тэмцээний үеэр Монголын Тогооч нарын холбооноос Завхан аймгийн тогооч нарын хийсэн “Адууны умсны хорхог”-ыг Завхан аймгийн брэнд хоолоор шалгаруулж, албан ёсоор бүртгэжээ.
Улсын уралдаанд амжилт гаргасан тогооч нартай аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр уулзаж, баяр хүргэв.
Тэрээр Завхан аймаг аялал жуулчлалын салбараа хөгжүүлэхийн тулд зайлшгүй хоолны соёл, үйлчилгээ, чанар, хүртээмж, шуурхай байдал дээр анхаарах ёстой. Мөн сум бүр өөрийн онцлог, давуу тал, ёс заншилдаа тулгуурлан брэнд хоолтой болох ёстой, 2026 онд Завхан аймагтаа брэнд хоолны фестиваль зохион байгуулах, Тогооч нарын Улсын уралдааныг аймагтаа хийхээр төлөвлөж буйгаа ярив.
Түүнчлэн тогооч нарыг тэмцээн уралдаанд оролцох, шинэ хоолны нэр төрөл гаргах, мэргэжил дээшлүүлэх зэрэгт дэмжлэг үзүүлж ажиллахаа хэллээ.