Шарын гол-Улаанбаатар чиглэлийн замын бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байна
Нийгэм
Шарын гол сумаас Улаанбаатар, Дархан чиглэлийн 41 км авто замын эхний хэсэг болох 7.9 км авто замын бүтээн байгуулалтын ажил эрчимтэй үргэлжилж байна. Энэхүү ажлыг “Анандын зам” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд одоогоор нийт гүйцэтгэл 90 хувьтай явагдаж байна.
Нийтдээ 40 гаруй техник, 60 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж буй уг зам нь 7 метрийн өргөнтэй, өнгө, суурь нийлсэн 10 см зузаантай асфальтан хучилттайгаар баригдаж байна. Мөн шинэ технологи нэвтрүүлж, бордюрын цутгалтыг шууд талбай дээр хийж буй нь ажлын чанар, хурдыг нэмэгдүүлж байгааг онцоллоо.
Тус замыг долдугаар сарын 1-ний өдөр гэхэд ашиглалтад оруулж хүлээлгэж өгөхөө гүйцэтгэгч компаний зүгээс мэдэгдлээ. Мөн хоёр хоногийн дараа хөдөлгөөнийг нээхээр төлөвлөжээ. Үүний дараагаар явган хүний зам болон ногоон байгууламжийн ажлууд үргэлжлэн хийгдэнэ.
“Анандын зам” ХХК өмнө нь Батлионы наймдугаар хэсгээс Аргалын гарам хүртэлх 20 км авто замыг хугацаанд нь чанартай гүйцэтгэж байсан туршлагатай. Харин энэ удаад Дархан хотод 30 дахь км замынхаа ажлыг амжилттай хэрэгжүүлж байна.