“Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” Улсын Их Хурлын тогтоол батлахыг дэмжсэнгүй
Улс Төр
УИХ-ын чуулганы /2025.06.02/-ийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай тогтоолын төслийг хэлэлцлээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ чуулганы эхэнд хэлсэн үгэндээ “Монгол Улс анх удаа 126 гишүүнтэй, таван намын төлөөлөл бүхий парламенттай болсон. Өөр өөр үзэл баримтлалтай улс төрийн хүчнүүд зөвшилцөлд хүрч, төлөөллийн ардчиллын зарчмыг илүү бодитоор хангах тогтолцоог бүрдүүлж, хамтарсан Засгийн газар байгуулах үндэс суурь тавигдаж, улс төрийн тогтвортой орчныг бүрдүүлэх боломж нээгдсэн”-ийг цохон тэмдэглэлээ.
Хамтарсан Засгийн газар 10 сарын хугацаанд ажиллахдаа 60 гаруй жил яригдсан Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төсөл, 30 жил хүлээгдсэн эрчим хүчний салбарын реформ, 28 жил гацсан Монгол-Францын хамтарсан ураны төсөл, 20 гаруй жил улс төрийн маргааны бай болсон Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын бүтээн байгуулалт зэрэг томоохон ажлуудыг эхлүүлж чадсаныг тодотгосон юм. Түүнчлэн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож, цаг үеийн нөхцөл байдлаар байр сууриа илэрхийлэв.
Энэ үед Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд хүрэлцэн ирж байр сууриа илэрхийллээ. Тэрбээр, Ерөнхийлөгч Улсын Их Хурлын үйл ажиллагаанд хүндэтгэлтэй хандаж, Засгийн газрыг бүх талаар дэмжиж ирснээ дурдаад, Монгол Улсад хүн бус хууль засаглах ёстойг сануулж, Ерөнхийлөгчийн засаглалд шилжих тухай асуудлыг огт дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн юм. Тэрбээр, парламентын засаглалыг тууштай дэмжиж буй итгэл үнэмшлээ илтгэн, 2019 онд Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахад гар, бие оролцож, Ерөнхийлөгчийн олон эрх мэдлээс татгалзсаны зэрэгцээ Авлигатай тэмцэх газрыг гүйцэтгэх засаглал руу шилжүүлэн, шүүгчдийг томилох эрх мэдлээ Шүүхийн Ерөнхий зөвлөлд өгсөн тухай ярив. Түүнчлэн засаг, төрийг дарамтлаагүй гэдгээ хэлж, парламентын засаглалыг тууштай дэмжих, бэхжүүлэх болон өөрийнх нь бүрэн эрхийн хугацаанд Үндсэн хуульд өөрчлөлт орохгүй, дахин Ерөнхийлөгчид нэр дэвшихгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэв. Түүнчлэн Үндэсний баялгийн сан байгуулах асуудлыг Монгол Улсын Ерөнхийлөгч санаачлан, Үндсэн хуульд оруулснаа сануулж, байгалийн баялгийг ард түмэн ижил тэгш хүртэх ёстой гэсэн хатуу байр суурьтай байгаагаа онцлоод, талбай дээр гарч жагсан шударга ёсыг шаардаж байгаа ард түмнээ сонсож ажиллахыг Улсын Их Хурал, Засгийн газарт зөвлөсөн юм.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс УИХ-ын 50 гаруй гишүүн асуулт асууж, хариулт авлаа. Мөн 30 гаруй гишүүн үг хэллээ.
Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх эсэх асуудлаар нууц санал хураах горимын саналыг УИХ-ын гишүүн, ТББХ-ны дарга Ж.Бат-Эрдэнэ гаргаж, чуулганд оролцсон 119 гишүүнээс 77 нь дэмжсэнээр нууц санал хураалтыг саналын хуудсаар явуулахаар шийдвэрлэв. Нууц санал хураалтад 82 гишүүн оролцож, 44 гишүүн буюу 53.6 хувь нь итгэл хүлээлгэхийг дэмжсэн бөгөөд 38 гишүүн буюу 46.4 хувь нь татгалзсан санал өглөө. Иймд Монгол Улсын Ерөнхий сайдыг огцорсонд тооцох тухай УИХ-ын тогтоолын төслийг баталлаа.
Сэтгэгдлүүд