МҮБХ: Нийтийн сүлжээнд Үндэсний бөхийг гутаан доромжилсон нэр бүхий этгээдүүдийн үйлдлийг үзэхгүй байхыг уриалж байна
Нийгэм
МҮБХ-ноос уриалга гаргалаа.
Монголын Үндэсний бөхийн холбоо нь Үндэсний бөхийг түгээн дэлгэрүүлэх, бөхийн барилдаан зохион байгуулах, бөх сонирхогчид, үзэгч олон нийт, бөх болон жаяг дэгийн багийн гишүүдийн эрх ашгийн хамгаалан ажиллах нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллага юм.
МҮБХ нь Монголын спортын холбоодын анхдагч холбоо бөгөөд аймаг сумдад салбар нэгжтэй, жилийн дунджаар 120 хоногт бөхийн барилдаан, спортын үйл ажиллагаа зохион байгуулдаг тогтмол үйл ажиллагаатай холбоо болно. Холбооны албан ёсны пэйж хаяг 134,000 дагагчтай буюу спортын холбоодоос хамгийн олон дагагчтай холбоодын нэг. Зөвхөн 4-р сард пэйжийн хандалт 21 сая, үүнээс эрэгтэй 77,3%, эмэгтэй 22,7%, дотоодын хандалт 95%, БНСУ-аас 1,7%, бусад хандалтыг Европ болон АНУ, Япон улсаас (МҮОХорооноос гаргасан судалгаагаар) хандсан байна.
МҮБХ нь бөхчүүдийнхээ ёс зүй, сахилга батад анхааран ажиллаж байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд үндэсний бөхөөр хичээллэдэг залуучууд Монгол бөхийн жудаг, ёс уламжлалыг сахин, өөр хоорондоо болон бусадтай харьцах эерэг хандлагуудыг гарган, бэлтгэл сургуулилалт болон өөрийн хийж гүйцэтгэж байгаа бусад ажил албыг нягт нямбай, нэр төртэй хийхийг эрмэлзэн хөдөлмөрлөж байгаа болно.
Үндэсний бөх нь Монголчуудын анхааралд байдаг төдийгүй бөхийн барилдаан болон бөхтэй холбоотой бусад асуудлуудыг ч ард иргэд ихээр сонирхож байдаг. Энэхүү байдлыг ашиглан сүүлийн жилүүдэд үндэсний бөхөөр дамжин олон нийтэд танил болох, үүнийгээ ахуйн болон нийгэм, нам эвслийн үйл ажиллагаанд ашиглах сонирхолтой нэр бүхий иргэд өөрсдөдөө зохиомол нэр өгөн олон нийтийн сүлжээнд анхаарал татахын тулд ёс зүйгүй үг хэлэн, эрээ цээргүй байх, Монгол бөхийн хувцас хэрэглэлийг өмсөн бөхийн гараа дэвээг дуурайх зэрэг үйлдлүүд гаргаж байна. Эдгээр иргэд нь үндэсний бөхийн албан ёсны ямар нэгэн цолгүй бөгөөд зөвхөн сайн дурын үндсэн дээр элдэв үйлдлүүдийг гаргаж байгаа болно.
Иймд бөх сонирхогчид, бөхчүүд, нийт ард иргэд олон нийтийн сүлжээгээр эрээ цээргүй авирлаж Монгол бөх болон Монгол эрчүүд цаашилбал Монгол хүний нэр хүндэд халтай гаж үйлдлүүд гаргаж байдаг нэр бүхий этгээдүүдийн нийгмийн сүлжээнд гаргаж байгаа мэдээллийг УРСАН ӨНГӨРӨХ ЦАГ ХУГАЦААГ ҮРЭН сонирхон үзэхгүй хааж, ХӨДӨЛМӨРЧ ЗАН ЧАНАРЫГ ДЭЭДЛЭН, ЦАГ ҮРГЭЛЖ ХӨДӨЛМӨРЛӨХИЙГ АМЬДРАЛЫН ХЭВ МАЯГ БОЛГОН ажиллахыг уриалж байна.
(Жич: Дээр дурдагдсан зарим иргэний үйлдлүүдийг эрх бүхий байгууллагаар шалгуулах үйл ажиллагааг явуулж байгаа болно)