Хугацаат цэргийн алба хаагчдыг бэлтгэлээр халах ёслолын ажиллагаа боллоо

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2025-05-01 05:39:41


Дотоодын цэргийн байгууллагад 2024 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагаар татагдан ирж, хугацаат цэргийн алба хаах хугацаа дууссан түрүүч, байлдагч нарыг Дотоодын цэргийн командлагчийн тушаалын дагуу цэргийн албанаас бэлтгэлээр халах ёслолын арга хэмжээг өнөөдөр /2025.05.01/ Дотоодын цэргийн 05 дугаар ангийн байрлалд зохион байгууллаа.


Арга хэмжээнд Дотоодын цэргийн штабын дарга, хурандаа М.Лувсандорж, Дотоодын цэргийн штабын даргын зөвлөлийн гишүүд, Дотоодын цэргийн 05, 805, 810 дугаар ангийн бие, бүрэлдэхүүн болон “Амжилтын алхам” мэргэжил олгох сургалтын төвийн төлөөлөл оролцсон юм.
Арга хэмжээний үеэр Дотоодын цэргийн штабын дарга, хурандаа М.Лувсандорж хэлсэн үгэндээ “Цэргийн алба хаасан нэг жилийн хугацаа та бүхний амьдралын зорилгоо тодорхойлсон, нөхөрлөлийн үнэ цэнийг мэдэрсэн, ажил, амьдралын гараагаа эхлүүлсэн эргэн дурсахад бахархалтай бөгөөд баялаг түүхтэй мөч болон дурсагдана гэдэгт итгэлтэй байна.

Монгол Улсынхаа дотоод аюулгүй байдал, ард иргэдийнхээ амар тайван амьдралын төлөө бидэнтэй мөр зэрэгцэн зүтгэхээр цагдаа, дотоодын цэргийн байгууллагад ажиллах хүсэлт гарган “Цагдаа”, “Цагдаа жолооч”, “Хамгаалалтын ажилтан” мэргэжил олгох сургалтад амжилттай хамрагдаж, ахлагчийн бүрэлдэхүүнд шинээр томилогдож байгаа алба хаагч Та бүхнээрээ бахархаж байна.
Мөн хугацаат цэргийн алба хаах хугацаандаа “Хүнд машин механизмын оператор”, “Цахилгаанчин”, “Сантехникч”, “Гагнуурчин”, “Барилгын засал, чимэглэлчин”, “Барилгын өрлөгчин” мэргэжил олгох сургалтад хамрагдаж, Монгол Улсынхаа хөгжил цэцэглэлтэд өөрийн хувь нэмрээ оруулахаар мэргэжилтэй иргэн болж халагдаж байгаа алба хаагчдадаа баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсье.” хэмээн тодотголоо.

Мөн арга хэмжээний үеэр “Амжилтын алхам” мэргэжил олгох сургалтын төвд хамрагдсан хугацаат цэргийн алба хаагч нарт гэрчилгээ гардууллаа.

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд